Аз жаргалыг алсаас хайх хэрэггүй...


Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгонд аз жаргалын хэмжээс янз бүр. Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байна. Зарим нь дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж, газар тамгалж яваагаа аз жаргал гэж бодно. Элэг бүтэн яваа нь магадгүй элэг бүлгийн чинь хамгийн дээд аз жаргал. Бусдын аз жаргалын төлөө өөрийгөө зориулсан хүн илүү аз жаргалтай байдаг ажээ. Миний үр хүүхэд, гэр бүл, элэг бүлгийнхэн аз жаргалтай байвал миний аз жаргал тэр гэж бодох нь нийтлэг түгээмэл хүсэл. Би л аз жаргалтай байвал бусдын толгой дээр тэнгэр ниргэж, дээвэр нурж байсан ч хамаагүй гэж бодох хэт аминч үзэлтэн мэр сэр үзэгдэнэ.
Хэн чухам аз жаргалтай вэ? “ Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлэн хөдөлмөрлөж байгаа тэр хүн чухам аз жаргалтай.” Фалес. Эрүүл энхийн жаргалан хамгийн дээд аз жаргал. “ Бидний аз жаргалын аравны есөн хувь нь эрүүл мэндээс шалтгаалдаг.” Өвдөх өвчин, шаналах шаналгаагүй яваа хүн аз жаргалтай. Амьд яваа чинь аз жаргал. Хүмүүсийн явж байгааг харж, ярилцаж суугааг сонсож байгаа нь аз жаргал. Сонсгол чинь муудвал хэвийн сонсдог байсан үеийнхээ аз жаргалыг санана. Хараагүй болчихвол хараатай байсан аз жаргалаа мэднэ, мэдэрнэ. Хөл чинь муудвал хөлөө эцтэл бүжиг эргэдэг байсан залуу насны аз жаргалтай мөчүүд бодогдоно. Чамайг эрхтэн бүтэн төрүүсэн эцэг эхийн чинь гавьяа. Аав ээждээ хэмжээ хязгааргүй баярла. Чадах хэмжээ, хэрээрээ ачийг нь хариулахыг хичээ. Эцэг эхийнхээ гаслант үр болчихгүй, чихийг халууцуулж, нүүрийг улайлгахгүй, хүний дайтай явж байвал аав, ээжийн сэтгэл санаа амгалан бөгөөд тайван, тэр хэмжээгээрээ тэднийхээ ачийг хариулж байна гэж сэтгэл дүүрэн бодож, магнай тэнэгэр алхах болно. Эцэг эхээ ачилж чадаагүй хэмээн сэтгэл дундуур байдаг бол үр хүүхэддээ ачлал хайраа бүр илүү зориул. Тэр ариун гэгээн хайр, ачлал, буян бага боловч нөхнө гэж сэтгэлээ тайтгаруул.
Сэтгэл санаа тайван бол аз жаргалын ширгэшгүй ундрага булаг ундран оргилно. Сэтгэлийн түйвээх буруу, бусармаг бүхнээс ангид байхыг зорь.
“Хөдөлмөр бол энэ дэлхий дээрх бүх эрхэм сайхан аз жаргалын эх булаг мөн.” М.Горьпкий. Өөрийн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж чадаж байгаа бол тэр чиний аз жаргал. “Ажил хөдөлмөр биднийг уйтгар, гуниг, нүгэл хэрэгцээний гурван хилэнцээс ангижруулагч мөн.” гэж нэгэн ухаантан айлджээ. Бүтээлч идэвхтэй хөдөлмөр хүний хөгжил дэвшлийн үндэс. Хэн их ажиллана, хэн бүтээлчээр хөдөлмөрлөнө, түүнд аз жаргал хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг юм. Ажил хөдөлмөр алив хүнийг өөд татна. Арчаагүй залхуу зан алив хүнийг уруу чангаана. “Энх сайхан хөдөлмөр бол баяр жаргалын сурвалж, эрээгүй их залхуурал бол гамшиг зовлонгийн сурвалж” гэдэг яасан үнэн үг вэ? Хэрэв чи хүний дайтай хөдөлмөрлөж, эрүүл саруулаар сэтгэж, хүний ёсоор хайрлаж, хүний ёсоор тэмцэж, хүн шиг амьдарч яваа бол эрин цагийн хамгийн аз жаргалтай хүн. Угтах ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд уйгагүй шамдан хөдөлмөрлө. “Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авьяас билэгтэн, суут ухаантны аль нь ч төрөн гарахгүй” Д.И.Менделеев. Хэрэв чи ямар нэг юм хийхээр зоривол битгий оромд. Дутуу дулимаг бүү орхи. Хийсэн шиг сайн хий. Хэрэв хийж чадахгүй буюу хийх хүсэл сонирхолгүй бол хийх гэж оролдож мунгинаад хэрэггүй. Хийж байгаа ажил бүхэндээ сэтгэл итгэлээ бүрэн шингээ. Эрхэлсэн ажил хөдөлмөртөө сэтгэл хангалуун байгаа бол энэ хорвоогийн аз жаргалыг эдэлж яваа азтан гэж өөрийгөө бод. Жаргаланг хүслээр дуудан, худалдан авч болдоггүй. Тэвчээр заан, зай завгүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэж, мэрийж мачийж байж аз жаргалыг тэмцэж олно. “ Хүн бүр ажилдаа дуртай байвал энэ орчлон жаргалтай байна.” О.Роден Ахиу олсон орлогоороо аз жаргалаа цогцлуулагч нэгэн байхад олигтой орлогогүй мөртлөө дуртай ажилдаа шимтэн зүтгэхээ аз жаргалтайд тооцох нөгөө нь байна. Өнгөц харахад юунд хүрэх нь хүрэх нь тодорхойгүй зүйлийг ухаж төнхөн, тархиа гашилгаж, махаа идэн хөдөлмөрлөх нь далд буй эрдэнэсийн санг хайж олохын зөндөө хөтлөгдсөн бүтээлч хүний өөрийн аз жаргалаа дархлан байгаа бодит дүр төрх нь энэ ажээ. Биеийн тааваар, бэлэн хоол, бэлтгэсэн нөхцөл дээр тарвалзах үүлэн чөлөөний нарыг аз жаргал гэж бодвол эндүүрэл. “Хэрвээ биеийн тааванд аз жаргал оршдогсон бол бэлчээрт идээшлэн яваа сүрэг малыг бас аз жаргалтайд тооцох санж”.
Аз жаргал аяндаа ирэхгүй. Зовлон бэрхшээлийг гэтлэн туулж, гатлан гарч, хатаагдан хатуужиж байж аз жаргалд хүрнэ. “ Амьдралын бэрх зовлонд хатаагдсан хүн л аз жаргалтай, бүр гурвантаа аз жаргалтай” хэмээн ухаантан зүгээр ч нэг хэлээгүй байх. Хэн нэгэнд ид шидтэн буюу ачтан буянтан ухаан зарж, хөлс урсгалгүйгээр аз жаргалын диваажинд хүргэн өгч, мөнгөлсөн хаалганых нь алтагдсан бариулаас атгуулж өгөхгүй. “Аз жаргалыг гуйж авч болдоггүй. Хэрэв та муу юм хийсэн л бол зайлшгүй ирэх зовлонгоос зугатах аргагүй” Мо Ди.
Аз жаргал хүн бүгдийн хүрч чадах орон зайд зугатаж холдолгүй хүлээж байдаг. Гагцхүү түүнд хичээл зүтгэл, санаачлага чармайлтаар хүрч очих л хэрэгтэй. “Тэнэг хүн аз жаргалыг алсаас хайдаг, мэргэн ухаантан түүнийг өөрийнхөө дэргэд ургуулдаг.” Гэдгийг насан туршдаа санаж явцгаа.

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK